Сүхбаатар аймгийн боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

Аймгийн хэмжээнд цаг агаар, цас зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан энэ удаагийн зөвлөгөөнийг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд сум, орон нутаг, сургууль, цэцэрлэгийн удирдлага нийт 250 гаруй удирдах ажилтан, албан хаагчид 31 цэгээс холбогдож зөвлөгөөнд оролцлоо.

Аймгийн Засаг дарга М. Идэрбат зөвлөгөөний нээлтэд оролцож Сүхбаатар аймгийн боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэлээ.

Сүхбаатар аймаг 2023 онд боловсролын чанарыг сайжруулах, хүүхдийн эрүүл, аюулгүй байдал , хөгжил хамгааллыг дэмжихэд зориулан 10,8 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөв болон олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсний үр дүнд ЭЕШ болон математикийн хичээлээр улсдаа тэргүүлж, Аймгийн Засаг даргын БШУ-ны Сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилтийн үнэлгээгээр тэргүүн байранд орж 21 аймгаа манлайлсан нь та бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцоллоо.

Аймгийн Засаг дарга М. Идэрбат боловсролын үзэл санаа, чанарын шинэчлэлийг дэмжин ажилласан “БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА”-аар шалгарсан юм.

Тус зөвлөгөөнөөр БШУ-ны газраас 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, цаашид баримтлах үйл ажиллагааны чиглэл өгч, боловсролын салбарт мөрдөгдөж байгаа эрхзүйн баримт бичгүүдийн талаар танилцууллаа.

СӨБ, ЕБС-ийн удирдлагын манлайллыг нэмэгдүүлэх, цаг үеийн шинэлэг мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Онцгой байдлын газар, Архивын тасаг, Нийгмийн даатгалын хэлтэс, Сүхбаатар-Мобиком салбар зэрэг байгууллагуудтай хамтран сургалт, мэдээлэл хийлээ. Үүнд:

• Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх үндсэн ойлголт Б. Бямбасүрэн /Архивын зааварлагч, арга зүйч/

• Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах Б. Батзориг Ю. Цэрэндулам /ОБГ мэргэжилтэн/

• Нийгмийн даатгалын хууль тогтомжид орсон өөрчлөлтүүд О. Баярбаясгалан /НДГ-ын байцаагч/

• Цахим шилжилтын өнөөгийн байдал, дотоод сүлжээ байгуулах Г. Өлзийбаяр /Сүхбаатар-Мобиком салбарын захирал/

Сургалт зөвлөгөөнд оролцсон нийт СӨБ, ЕБС-ийн багш, удирдах ажилтан, хамтран ажилласан та бүхэнд талархал илэрхийлье. БАРУУН-УРТ 2024.01.22