Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслөөс сургуульд суурилсан энтерпрайз хэрэгжүүлэгчид туршлага солилцох семинар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 2 өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү туршлага солилцох семинар сургуульд суурилсан энтерпрайз (ССЭ) хэрэгжүүлж буй сургуулиуд туршлага, сургамжаа нэгтгэн дүгнэж, харилцан суралцах, энэ төслийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, цаашдын төлөвлөгөөг гаргах, төслийн талаарх нэгдсэн ойлголтыг оролцогч талуудад өгөх, олон нийтэд түгээх, тогтвортой байдлыг хангахад талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Семинарт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газрын төлөөллүүд, зорилтот 5 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нар, Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч, төслийн багийнхан, сургуульд суурилсан энтерпрайз (ССЭ) хэрэгжиж буй 5 сургуулийн захирал, төсөл хариуцсан багш, бизнес коучүүд, зөвлөхүүд зэрэг нийт оролцогчид 40 гаруй хүн оролцлоо.